2016-12-01 02:01

ХДХВ-ийн шинжилгээнд тогтмол хамрагдаарай

Бэлгийн идэвхтэй амьдралтай ангилалд багтах 15-49 насныхан жилд нэг удаа тогтмол ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг эмч нар сануулж байна. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол Монгол Улсад бүртгэгджээ. Харин шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болно гэж гаргасан байна. Учир нь ХДХВ халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард оношлогдоогүй гурван хүн бий гэх тооцоо байдаг аж. Тэгвэл бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлжээ. Тэдний 99 хувь нь бэлгийн замаар халдварласан байна.

Монгол Улсын хувьд ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд бага түвшинд байгаа аж. Гэхдээ эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд тархалт ихтэйд тооцогдох болжээ. Тиймээс бэлгийн цөөнхөд чиглэсэн халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах нь чухал болсон байна.

Тэгвэл энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Залуус эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Мягмардорж:

Манай байгуулагын хувьд бэлгийн цөөнх эрэгтэйчүүдэд чиглэж ажилладаг. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Насанд хүрсэн 15-49 насны эрэгтэйчүүдийн 1-2 хувьд бэлгийн цөөнх байх боломжтой. Энэ хүмүүст чиглэж ажилла” гэсэн зөвлөмжийг өгдөг. Үүнээс үзэхэд 15-49 насны эрэгтэйчүүдийн дунд 12 мянган хүн бэлгийн цөөнх байх магадлалтай. Тиймээс энэ тооны хүнд ХДХВ/ДОХ-ын эсрэг үйлчилгээ үзүүлбэл халдварыг энэ бүлэгт таслан зогсоох боломжтой гэж үздэг. Ингээд 2015-2017 оны хооронд ДОХ-ын эсрэг төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд 6000 орчим бэлгийн цөөнх залуусыг ХДХВ-ийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулбал нуугдмал байгааг илрүүлж, оношлож, цаашид тархаахгүй нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Гол нь тэдэнтэй адилхан бэлгийн чиг хандлагатай хүмүүсээр нь дамжуулан мэдээлэл, зөвлөгөө өгөх стратегийг ашиглаж байна. Энэ стратегиар 2017 он хүртэл ажиллана. Энэ төсөл маань амжилттай хэрэгжвэл цаашид үргэлжлүүлэх боломжтой. Монголд энэ чиглэлд “Глобал сан” идэвхтэй ажиллаж байна. Монгол Улсын хувьд бэлгийн цөөнхийн чиглэлд Засгийн газраас төдийлөн төсөв хөрөнгө зарцуулах нь бага байдаг. Гэхдээ нийт ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх зардлын 30 хувийг Засгийн газар гаргаж байгаа нь бага мөнгө биш. ХДХВ-ийн идэвхжилийг бууруулах, дархлааг дэмжих эмийг Засгийн газар 100 хувь хөнгөлөлттэй үнээр өгч буй нь томоохон дэмжлэг болдог. Харин урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох, мэдлэг олгох ажлыг “Глобал сан”-гаас хийдэг.


ХӨСҮТ-ийн сургалт, мэдээллийн ажилтан Ч.Уртнасан:

Монгол Улсын хуульд зааснаар ДОХ-ын эмчилгээ үнэ төлбөргүй байдаг. Иргэдийн хувьд ямар нэг эрсдэл, халдвар авсан байж болзошгүй гэж бодож л байвал шууд шинжилгээнд орох хэрэгтэй. Гол нь шинжилгээнд тогтмол орж байвал аливаа илрүүлэлт хурдан болно. Эрт үед нь илрүүлбэл эмчилгээ үр дүнгээ өгөх нь өндөр. Тээр жил Камерунаас ирсэн нэг эмэгтэй халдвар авсан хэмээн мэдээлж байсан. Энэ эмэгтэй бол халдвар авсан иргэдээс хамгийн удаан амьдарч байгаа нь юм. Гол нь тухайн эмэгтэй халдвар авсныхаа дараахан нь шууд эмчийн хяналтад орж, эмчилгээ эхэлсэн. Одоо бол бие нь хэвийн, өвдөөгүй. Эмнэлэгт хэвтэж л байдаг, гарч л байдаг. Тэгэхээр гол нь хүн бүр тогтмол шинжилгээнд хамрагддах нь эрсдэлээс өөрийгөө сэргийлэх томоохон алхам юм.


Тэгвэл энэ жил ХДХВ/ДОХ-ын эсрэг ямар үйл ажиллагаа явуулах талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн албаны дарга Ж.Энхзул:

ДОХ-ын халдварыг 20 насандаа аваад тэр даруйд эмчилгээнд хамрагдсан хүний наслалт 70 хүрдэг. Харин эмчилгээнд хамрагдаагүй бол 42 насална гэсэн албан тоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ юуг хэлж байна вэ гэхээр, мэдээж улс орон, нийгмээрээ халдвараас сэргийлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, халдвартай гэж илрүүлбэл эмчилгээнд яаралтай хамрагдах нь чухал. Ингэж чадвал тухайн хүний дундаж наслалт зүгээр нэг халдварт бус өвчин, даралт ихэсдэг хүнтэй ижил наслах боломжтой гэж ойлгож болно. Тиймээс илрүүлэлтийг дээд зэргээр зохион байгуулах шаардлагатай байна.

Энэ өдөрт зориулж олон нийтэд хандсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Хоёрдугаарт, дунд болон их дээд сургуулийн эмч нартай бид уулзалт хийсэн. Үүний үр дүнд 2017 онд бүх дээд болон дунд сургуулийн суралцагчид нийгмийн эрүүл мэндийн үнэн зөв мэдээлэлтэй, эерэг зан үйлийн сургалт сурталчилгааг эмч нараар дамжуулан авах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл бүхий нэвтрүүлгийг түлхүү цацаж байна. Мэдээлэл, сурталчилгааны материал хэвлэсэн. Олон нийтийн сүлжээгээр мэдээлэл ихээр цацна. “Глобал сан”-гийн хамтрагч төрийн бус байгууллагууд өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа уул уурхайд гэр бүлээсээ хол ажиллаж буй залууст чиглэсэн ажил хийж байна. Мөн үзлэг шинжилгээний төвүүд уртасгасан цагаар ажиллаж, бэлгэвч тараана. Зөвхөн өдрийг угтсан бус энгийн үед ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сургуулийн эмч нартай хамтран өсвөр үед чиглэсэн тогтмол мэдээлэл, сурталчилгааг явуулах нь үр дүнтэй гэж үзэж байгаа. Тиймээс хамтын ажиллагаагаа сайжруулах нь чухал.

Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын шинжилгээ авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг үнэ төлбөргүй 84 төв ажиллаж байгаа юм. Нийслэлийн иргэдийн хувьд дүүргийн эрүүл мэндийн төвөөс гадна хэд хэдэн эмнэлэг, төвд шинжилгээ өгөх боломжтой. Иргэн бүр жилдээ нэг удаа энэ төрлийн шинжилгээнд хамрагдаж хэвших нь эрсдэлээс өөрийгөө хамгаалах томоохон алхам гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ