2016-12-09 04:55

5900 орчим бараа, бүтээгдэхүүнийг Япон руу экспортлоход татварын хөнгөлөлт эдэлнэ

Монгол, Япон Улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өнгөрсөн оны 6-р сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тиймээс аймгийн Гаалийн газар, Татварын хэлтэс, Орхон, Булган аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран уг хэлэлцээрийг бизнес эрхлэгчдэд сурталчлах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцсон юм. 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш манай улсын 29 аж ахуйн нэгжийн 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Япон Улс руу экспортолсон гэж ХАҮТ-ийн дарга М.Ганбат хэллээ. Тодруулбал, хивс, ноолуур, зөгийн бал, хөнгөн цагаан хайлш, монгол гэр зэрэг бүтээгдэхүүнийг экспортолжээ. 

Энэ нь Монгол Улсын гадаад оронтой байгуулж буй эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээр бол Япон улсын 13 дахь нь юм. Уг хэлэлцээрт  манай улсад үйлдвэрлэсэн 5900 орчим, Японд үйлдвэрлэсэн 9300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарах гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх бараа бүтээгдэхүүнүүд нь хоёр улсын гаалийн татварын хөнгөлөлтийг эдлэх болон тэглэх /0/ эрхийг эдлэх аж. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх, валютын урсгалыг нэмэгдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах ач холбогдолтой гэж талууд үзжээ.

Хэрэв бизнес эрхлэгчид Япон Улс руу бүтээгдэхүүн экспортлохыг хүсвэл хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтыг orkhoncustoms.mn сайтаас үзэх боломжтой. Хэрэв таны үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн жагсаалтад бичигдсэн бол Орхон, Булган аймаг дахь ХАҮТ-тай холбогдож тус улсын гааль дээр хөнгөлөлттэй тариф эдлэх гэрчилгээг авах хэрэгтэй гэж Гаалийн газрын Улсын байцаагч Ж.Цэрэннамжил ярьсан юм. 

Бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ангилал буюу тэмдэглэгээнээс хамаарч Япон Улсын гаалийн татварыг тэглэх болон 4-21 хувийн хөнгөлөлтийг тодорхой хугацааны давтамжаар эдлэх боломжийг хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр олгож байгаа юм байна. 


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ