2016-12-06 01:40

Төр 10.5 их наядын өрийг яаж барагдуулах вэ?

Засгийн газрын хоолойд тулсан томоохон ажлын нэг нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өрийг барагдуулж, ачаагаа хөнгөлөх шаардлага бий ч одоогоор өр барагдуулах ажил эхлээгүй байна. Гэхдээ компани бүрийн төвшинд өрөө хэрхэн барагдуулах талаар менежмэнт боловсруулж, саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хүргэж буй аж. Үүнийг нь тус газар анализ хийж, дахин боловсруулж нэгтгэж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийх үеэрээ төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр 10.5 их наяд төгрөгт хүрсэн тухай зарласан юм.

Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилд төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг нэмж байгуулсаар 80 гаруйд хүрсэн байдаг. Гэвч ашигтай ажилладаг аж ахуйн нэгжийн тоо жил ирэх тусам цөөрсөөр алдагдлын хэмжээ нь л өсчээ. Тодруулбал, 2012 онд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан аж ахуйн нэгжүүд 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Мөн 2013 онд 2.5 их наяд төгрөгийн өртэй байсан төрийн өмчит компаниудын өр 10.5 их наяд төгрөгт хүрсэн нь гурав дахин өссөн үзүүлэлтийг харуулж буй.

Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд ашиггүй ажиллаж, алдагдал нь гэрлийн хурдаар өссөн шалтгааныг эдийн засагчид менежмэнт дутсан, хариуцлагагүй байдал төрд газар авсны тод жишээ гэж тайлбарлаж байна. Учир нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбогдуулж, судалгаа хийх нэрийдлээр захирал нь тус цогцолборын тамгыг нь барьцаалаад 14.6 тэрбум төгрөгийн зээл авчихсан. Одоо буцаагаад барагдуулъя гэхэд ямар ч баталгаа, барьцаа байхгүйгээс эцсийн дүндээ татвар төлөгчдийн хэтэвч рүү л орохоос аргагүй болж байна.

Мөн компани нь ашиггүй ажиллаад л байхад захирал нь долларын цалин аваад халгиж цалгиж суусан бол 37 хүнтэй Хөдөө аж ахуйн биржийг удирдсаныхаа төлөө сарын 9.5 сая төгрөгийн цалин авсан захирал ч байгаа юм. Түүнчлэн компани нь алдагдалтай ажиллаад байхад л ТУЗ-ийнх нь дарга, гишүүд өндөр цалин авч, ширэн нүүрлэсэн. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд Засгийн газар тодорхой даалгавруудыг төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалинг 30-60 хүртэл хувиар бууруулж, орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусдад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгох зэргийг зогсоох шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр нэг сарын цалин нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулсан байна.

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн сарын цалинг 300 мянган төгрөгөөс дотогш барих. Нэг хүн хоёроос хэтрэхгүй ТУЗ-ийн гишүүн байх зэрэг чиглэлийг өгчээ.

 

ТОСК-ийн өрийг яаж барагдуулах вэ?

10.5 их наядын өрийн 6.4 их наяд нь Хөгжлийн банкинд хамаарах бол удаах өр нь Төрийн орон сууцны корпорацид харьяалагдах аж. Тус корпорацийн барилга бариулах чиглэлээр тавьсан өр 351 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ өрийг богино хугацаанд барагдуулах арга хэмжээ авахгүй бол хүүнд нь шатаж буй юм.

Тухайлбал, 928 айлын орон сууц бариулахад 52 тэрбум төгрөг зарцуулсан байдаг аж. Уг орон сууцыг иргэдэд түрээслүүлж байгаа, гэтэл  түрээсээр дамжиж сард ердөө 171 сая төгрөг төвлөрдөг.  Харин 52 тэрбумын зээлийн хүүнд нь сар тутамд 376 сая төгрөг төлөх шаардлагатай байдаг ч түрээсийн мөнгө нь авсан зээлээ ч төлж чаддаггүй нөхцөл үүсчээ. Ийм алдагдалтай менежмэнт өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн нь ТОСК-ийг хянах нэгж буюу Төлөөлөн удирдах зөвлөл байхгүйгээс болсон гэж үзэх хүмүүс ч байна.

Эл алдагдлыг газар авахуулахгүй байлгах хамгийн найдвартай арга нь иргэдэд түрээсийн чиглэлээр олгосон “Буянт-Ухаа-2” орон сууцыг тухайн түрээслэгчид нь шилжүүлэх менежмэнт хэрэгжүүлэх шаардлагатай гэж холбогдох газрууд нь саналаа гаргажээ. Ингэхийн тулд түрээслэгч нь урьдчилгаа төлбөрийнхөө 20 хүртэл хувийг гаргах, үлдсэн 10 хувьд нь төр баталгаа гаргаж өгөх замаар жилийн найман хувийн хүүтэй зээлд хамруулах нь хамгийн оновчтой гэж үзэж буй аж. Ингэснээр Хөгжлийн банк ч 351 тэрбум төгрөгийн зээлээ ТОСК-оос барагдуулж авах бололцоотой болно. Хэрвээ ийм арга хэмжээ авч ажиллахгүй бол зээлийн өр улам өсөх эрсдэл хүлээж байгаа гэнэ.

Гэхдээ ийм арга замаар өрийг барагдуулах уу, эсвэл өөр арга зам хэрэгжүүлэх үү гэдэг эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм байна. Ингэхдээ Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамнаас санал авах аж. Нийтдээ 926 айлын орон сууцтай холбоотой асуудал хөндөгдөж байна.

 

Төрийн банкийг хувьчлах нь зөв үү?

Төрийн банк 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй аж. Гэхдээ 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, жилдээ 10-17 тэрбумын ашигтай ажилладаг байна. Ийм банкийг ирэх онд хувьчлах санал гаргасныг зарим эдийн засагчид ухаангүй шийдвэр гэж буруутгаж буй. Гэхдээ УИХ-аас нэгэнтээ хувьчлах шийдвэр гаргасан тул буцаах аргагүй.

“Зоос”, “Хадгаламж” банкны асар их хөрөнгө Төрийн банкинд төвлөрдөг, 3800 гаруй ажиллагсадтай, орон нутаг даяар сүлжээтэй, дөрөвт жагсах банк болж, томорчээ.

Ийм банкны менежмэнтийг сайжруулахад л өрөө барагдуулаад төсөвт орлогыг нь төвлөрүүлээд төр ачаагаа хөнгөлөх боломж бий аж.

Харин Засгийн газрын төлөвлөснөөр Төрийн банкийг 300 тэрбум төгрөгөөр хувьчилснаар 225 тэрбумыг нь Монголбанкинд, 75 тэрбумыг төсөвт оруулахаар төлөвлөөд байна.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Барилга хөгжлийн төв, Авто тээврийн хөгжлийн үндэсний төв, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн зэрэг газрыг нэгтгэх болон бүтцийг нь өөрчлөх зэрэг асуудлыг хөндөж тавих сураг дуулдана.

Өртэй байгаа АЗЗА компаниудын менежмэнтийг сайжруулах асуудал ч ойрын хугацаанд сөхөгдөх нь. Эдгээр компаниуд нь 21 аймагт байгуулагдсан байдаг бөгөөд орон нутгийн чанартай авто замуудад урсгал засвар хийх зэргээр үйл ажиллагаа явуулдаг ч бас л ашиггүй ажилладаг, өр төлбөр ихтэй төрийн өмчит компаниудын тоонд орж байгаа ажээ.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 1

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд Goodnews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. Зочин | 2016-12-06 04:20:00
    okay
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ