2016-12-07 11:15

Хямралаас хайсан сайн тал

“Хүссэн бүхнээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана” гэж Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам айлдсан байдагчлан хямрал зарим нэг талаар бидэнд гайхамшигт аз дайралт болж байна. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг учраас хямралд ч гэсэн сайн тал байх л ёстой. Түгжрэлд үүрэглэх зуур ийм л бодол орно.

Бидний хэрэглээний сагсанд өдөрт зайлшгүй хэрэгцээтэй зүйл л багтдаг боллоо. Адгийн муу тамхичин би гэхэд сүүлийн үед тамхиа эрс багасгасан. Яваандаа өөрөө авахгүй, өрөөлийг “ганц тамхилчих” гэдэг болно. Хямрал цааш үргэлжилбэл гарна. Харин намайг магтах нь эргэлзээгүй. Тамхинаас гарчихдаг сүрхий эр шүү гэж. Хямрал эрүүл мэндэд сайнаар нөлөөлж буйн энгийн жишээ энэ.

Хямрал төсвийг зөв зарцуулдаг болгож байна. Хэдэн жилийн өмнө төрийн албаныхан шинэ жилээ хийх гэж хулгайгаар, хотоос зайдуу амралтын газарт тоорой жигнүүлсэн шигээ тансагладаг байсан бол одоо тэр нь мөрөөдөл болсон. Улсаараа дампуурчихсан байхад тэднийг тансаглуулах байтугай цалингаа тавьж байгаа нь их юм.

Хямрал хувийн хэвшлийн ажлыг булаадаг, үргүй зардалтай төрийн өмчийн компаниудаас улстөрчдийг мөнгө идүүлэхгүй болгосон. Энэ бүхнийг төрийн сайд нар анхааралтайгаар ажигладаг л болгосон. Гай болохоор зай болсон нь энэ. Гүйцээ.

Хямрал биднийг соёлтой, энгийн баярлуулдаг болгосон. Албан байгууллагууд нь амжилт гэхээсээ идсэн, уусан, шагналаараа уралдаж, айл өрхүүд тансаглалаараа тэнгэрт тултал тэнэглэх боломжгүй болголоо. Аавууд баярын орой халамцуу бус эрүүл саруул, энгүүн сайхан яриа хөөрөөд суух хүүхдүүдэд хичнээн сайхан билээ. Энэ бол сэргэн мандалт.

Хямрал загварын чиг хандлагад хувьсгал авчрав. Нохой гаслам халуун ноён аятай хувцастаа түүртэн явдаг наадамчид хоргой, торгоо болиод бүсгүйчүүд таараар хийсэн тэрлэг, залуус цамц өмсөөд доогуур углааш, тавчигхан углаад сэрүү татуулан, сэтгэл таатай алхах болжээ. Дээл өмссөн ч даавуу голдуугаар хийсэн цулгай өнгөтэйг өмсөөд үлдэгдлээр нь эхнэр, хүүхэддээ сарпаанчиг, шортхон оёулчихдаг боллоо. Энэ чинь загварын чиг хандлагад хувьсгал гараад байгаагийн шинж.

Дээр нь болсон, болоогүй элдэв шалдив хоол эргүүлж, хордлогонд орохгүй олдвол иднэ, олдохгүй бол мацаг барина. Мацаглах нь биеийг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, жин бууруулах, оюун ухааныг хурцлах гээд олон сайн талтайг эрүүл мэндийн зөвлөхүүд хүртэл ам уралдан ярьж байна. Улс орноороо үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдах боломжийг хямрал та бидэнд олгож байна. Энэ бол “Өлсөхүйн гайхамшиг”.

Хямрал нийтийн хоолны салбарыг дэмжсэн. Гадны үнэтэй, тансаг ресторануудын үйлчлүүлэгчид эрс цөөрснийг та анзаарсан уу. Харин эсрэгээрээ үдийн хоолоор ширхэгийн “юм цөлчихдөг” байсан цайны газартаа цалингаа буухаар ортол суудал олдохоо байхыг харах сайхан ч юм шиг. Нөгөө төрийн тансагчууд чинь маньтайгаа адилхан маасайгаад суух нь бүр ч дотно. Өдөр болгон ороод бичүүлчихдэг байсан гуанз маань одоо бэлнээр гэж даналздаг болсон нь “Надгүйгээр эд маань яана даа” гэж санаа зоволтгүй болжээ. Бид харин эхнэрээ улам бүр хайрлах болсон. Гэрээсээ өдөр идэх хоолоо авчрахгүй бол өдөржин өлсгөлөнд нирвэгдэх улс чинь арга ч байж уу. Ажлаа тараад ганц, нэг газраар дайрчихдаг байсан нөхөд одоо элэв долив гэхээ байж эхнэртээ бушуухан харьдаг болсон гэнэ лээ. Энэ чинь л гэр бүлийн бат бөх чанар.

Зохиолч Аюурын хэлсэн шиг “Ланд-200”-г шатахууныг нь дийлэхгүй байж хэдэн мянгаар нь худалдаж авч тэнэгтдэг гажиг сэтгэлгээ үгүй болсон. Хотын даргаасаа эхлээд хорт утаагүй эко хөдөлгүүртэй приус унадаг болсон. Утаанд ч нэмэртэй, цалинд ч хэрэгтэй, сэтгэлгээнд ч чухал сайхан машинаар бид 2016 онд приусийг нэрлэхэд эсэргүүцэх эргүү амьтан олдохгүй нь ойлгомжтой.

Хямралын хүчинд “Ланд” унадагууд нь “Приус” хөлөглөж, “Приус” унадагууд нь автобусанд сууж, автобусанд суудаг байснууд нь алхдаг болж нэг нэг шат уруудлаа. Алхах ч бас эрүүл мэндэд тустай л гээд байгаа.

Алхдаг, архидалтгүй, элдэв нэмэлт тэжээлгүй, өртөг зардал гаргахгүйн тулд өвддөггүй, хүчтэй машин унаж халаасаа хоосолдоггүй, тансаглах бус хэрэгтэйгээ авдаг ухаан бидэнд эргэн ирж байна. Утсаа хаячихвал дахиж авах ч тэнхэлгүй болсон. Тэр нь ч ирээдүйд маань хэрэгтэй, адаглаад ном уншина.

Ингээд бодохоор дан хар талаас нь бус дэвшилттэй, ололттой хямралд талархаад өшөө илүү зүтгээд, чангараад, хөгжөөд, бясалгамой. Ингээд бодоод байвал хямралд авууштай сайн тал их байна даа, та минь. Түгжрэл... Түгжрэлд ч гэсэн сайн тал байх л ёстой.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ