2016-12-19 09:12

Улаанбаатар хотоос иргэд нүүдэг боллоо

Ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа залгуулах зорилгоор хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хотыг зорин мянга, мянгаараа ирдэг байсан нүүдэл саарчээ. Харин ч нийслэлээс иргэд нүүн орон нутгийг зорих болсон байна.

Статистик мэдээгээр 2014 онд Улаанбаатар хотоос 1000, 2015 онд 2000 иргэн орон нутагт амьдрахаар шилжилт хөдөлгөөн хийжээ.

Шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт ороход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгосонтой холбоотой аж.

Энэ тухай асуудал өнөөдөр /2016.12.19/ “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурлын үеэр хөндөгдлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санаачилга гарган, УИХ-аар холбогдох хуулийг батлуулсан нь сум, дүүрэг бүрт Орон нутгийн хөгжлийн сангаар дамжиж хөрөнгө хуваарилагдан иргэдийн оролцоотойгоор бүтээн байгуулалт өрнөсөн нь орон нутаг бие даан хөгжих боломжийг олгожээ. Тухайлбал, Сүхбаатар аймаг хууль хэрэгжиж эхэлсэн 2013 оноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөдөө тулгуурлан газар чөлөөлөлт хийж, дахин төлөвлөлт хийснээр “Боловсрол” хорооллыг байгуулжээ. Газар чөлөөлөлтөд 967 иргэн, байгууллага, 830 шахам обьект хамрагдаж, 115.5 га газар чөлөөлснөөр орчин үеийн хаус хороолол сүндэрлэн боссон аж. Өмнө нь энэ газар луу түргэний машин, галын машин очих боломжгүй, инженерийн дэд бүтэц тавих боломжгүй замбараагүй зохион байгуулалттай байсан нь ийн цоо шинэ хороолол бий болох суурь нь болжээ.

Энэ жишгээр аймгийн хэмжээнд уламжлалт гэр хороолол, жишиг хороолол, бага дунд, орлоготой иргэдийн орон сууц, бичил хаус хороолол, төвлөрсөн орон сууц, эзэмшил газартай орон сууц богино хугацаанд баригдсан байна.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь бүтээн байгуулалтынхаа тухай “Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бол цаад талын хөрөнгө оруулалтыг үржүүлэгч юм. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд сум бүр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг замбараагүй зарцуулж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан журам баталсан. Нэг жил сум бүр нэг л ижил ажил хийх ёстой. Өөрөөр хэлбэл, орон сууцны дэд бүтцийн шугам татна гэсэн бол тэр бүгдийг нэг жил хийнэ. Хэрвээ сумдаа гэрэлтүүлэгтэй болгохоор хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан бол түүнийгээ мөн нэг жил зэрэг зохион байгуулна. Энэ нь зардлыг бууруулдаг. Шаардагдах материалаа бөөний үнээр худалдан авдаг учраас өртөг зардлыг бууруулдаг.

Мөн эдгээр ажилд сум, орон нутгийн иргэдээ дайчлан ажиллуулдаг. Ажил, хөдөлмөртэй иргэд төв суурин газар луу явах бодол байдаггүй, харин ч газраа дахин төлөвлөлтөд хамруулж, тохилог орон сууцанд ая тухтай амьдрах хүсэл эрмэлзэлтэй болдог. Ингэснээр ажлын байр бий болж, иргэд тогтмол орлоготой болдог.

Сүхбаатар аймаг мөн хаягдсан хуучин барилгыг 636 сая төгрөгөөр засвар хийн тохижуулснаар Ахмадын сувилал байгуулж чаджээ. Хэрвээ шинээр барьсан бол 2-3 тэрбум төгрөг шаардах байсан.  

Хүүхэд, багачууд, залуу үеийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн спортоор хичээллэх боломж олгохын тулд хоккей, хөлбөмбөгийн талбайг тус бүр байгуулжээ.

Үр дүнд нь аймгаасаа дайжих нь саарч, хүн ам нь өссөн байна. 1990 оныхтой харьцуулахад хүн ам нь 8000 –аар нэмэгдэж, 61 мянга болжээ. Мал сүргийн тоо сүүлийн найман жилд гурав дахин өсч, 3.1 сая толгойд хүрсэн байна.

Нэг хүнд ногдох хадгаламжаараа улсдаа тэргүүлэх болжээ. Тодруулбал, 1990 онд 60 сая төгрөгийн хуримтлалтай байсан сүхбаатарчууд 2016 онд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон аж.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй ашиглаж байгаа хоёр дахь газар нь Ховд аймгийн Жаргалант сум юм. 2015 онд 128.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын доторх авто машин, автобусны зогсоол зэрэг зам, засварын ажлыг хийж гүйцэтгэжээ. Сумын иргэд хүүхэд багачуудаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ёстой гэж үзэн, хашааныхаа хаалгыг зөвхөн урд талдаа гаргаж, хойд хэсгийн газрыг чөлөөлж, тэгшитгэн засаж тохижуулснаар хүүхдийн тоглоомын талбайг байгуулсан байна.

Дүүргүүдээс хамгийн том бүтээн байгуулалт хийж чадсан, жишиг болохуйц нь Хан-Уул аж. Тус дүүрэг Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 50 гаруй км авто зам барьж, 10 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж,16 Иргэний танхим байгуулжээ. Мөн дүүргийн хэмжээнд хөлбөмбөг, волейболь, сагсны талбайтай иж бүрэн спорт талбай гурвыг байгуулсан байна.

Оршин суугаа газраа 50 гаруй айл чөлөөлснөөр 300 айлын орон сууц баригдсан байна. Иргэд өөрсдөө дэмжээд, дэмнээд өгөхөөр жилийн дотор л орон сууц баригдсан гэж Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Батбилэг хэллээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг энэ мэтчлэн үр дүнтэй ашиглаж байгаа сум, дүүрэг олон байна.

Сангийн яамны холбогдох албан тушаалтны тайлбараар бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг ихэвчлэн авто зам барих, дэд бүтцийн шугам татах зэрэгт түлхүү ашигладаг аж. Орон нутаг бүрт санхүүгийн эрх мэдэл очсон 2013 оноос эхлэн Орон нутгийн хөгжлийн сангаар дамжиж, 330 гаруй сум, нийслэлийн есөн дүүрэгт 500 гаруй тэрбум төгрөг хуваарилагджээ. Гэхдээ эдийн засаг хямарсан, төсөв хүндхэн зэрэг шалтгааны улмаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг жил бүр танах болсон аж. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг өмнөх жилийнхээс нь бууруулахгүй баталж байх заалттай төслийг санаачлан, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

Олон улсын хуралд оролцсон төлөөлөгчид “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг бууруулахгүй байх нь сумд бие даан хөгжиж, иргэд ажилтай, орлоготой байх хамгийн том хөшүүрэг юм. Цаашдаа төвлөрлийг сааруулах бүрэн боломж байгаа нь өнгөрсөн гуравхан жилийн үйл явдлаас харагдаж эхэлсэн тул Засгийн газар, УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой” гэдгийг онцлон хэлж байлаа.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ