2016-12-24 04:45

Сошиалыг дүрэмтэй болгоё

Сошиал хэнийг ч, яаж ч гүтгэн доромжилж, гутааж болох хэрэгсэл болж хувирлаа. Энэ орон зайд улстөрчдөөсөө эхлээд цуурна. Баталгаагүй, нотолгоогүй “жиргээг” ахин, дахин шейрлэж, өөрсдөө ч үг нэмэрлэж, улам гал өрдөнө.

Уг нь улстөрчдөд бусдаас илүү мэдлэг, ёс зүй байх ёстой. Наад зах нь энэ мэдээлэл үнэн үү гэдгийг нягтлах ухаан байх ёстой. Үнэхээр л энэ улс орныг өөдтэй, өнгөтэй авч явж, бусдын эрхшээлд оруулахгүй гэж боддог зүрх сэтгэл байдаг юм бол төрд ажиллаж байсан ч, алба үүргээсээ буусан ч үл хамааран, энэ ёс зүйг тээж авч явах ёстой болов уу.

Харамсалтай нь, ингэж боддог нь тун цөөхөн байгааг сошиал орчинд өрнүүлж буй “дайн” нь батлаад өгнө.

Жишээ татвал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг Бутан, Балба улсад айлчлал хийж явах хойгуур нь юу болж өнгөрөв. Хятадад айлчлал хийж байгаа гэх ташаа мэдээллийг тарааж, дөнгөлөө. Түүгээр зогсохгүй энэхүү айлчлалын үеэр Хятад иргэдэд давхар иргэншил олгох болсон тухай дуулиан дэгдээж, нийгмийг бухимдуулав. Гэтэл Хятад улсын хуульд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй байх жишээтэй.

Монгол Улсын хувьд ч давхар иргэншлийг хүлээн зөвшөөрсөн хууль батлагдаагүй байгаа.

Ийм асуудлыг сошиалд “амьдардаг” улстөрчид мэдэхгүй гэвэл  инээд хүргэсэн хэрэг болох биз. Гэтэл нэгээс нь ч энэ тухай сануулаад жиргэсэнгүй. Эсрэгээрээ элдэв гооч нэр зүүн бах таваа хангасан “жиргээ”-г гал авалцуулан өрдөв.

Нэрээ, зүсээ нуусан аккаунтууд  “Алаад өгье, дүүжлээд өгье” гэж уриалав. Үнэхээр аймшиг. Ард нь гадны хэн нэгний захиалга байх вий гэж ч хардлага төрөх.

Сошиал дахь энэ гүжир гүтгэлэг хэнийг ч ялгахгүй “ялтан” болгож хувиргаж буй. Ачийгаа салхилуулаад хашааныхаа гадаа зогсож байсан иргэнийг хэдхэн сарын өмнө юу болгож матарлалаа даа. “Шил архиар хүүхэд зарна” гэсэн гарчигтайгаар зурагтай, хөрөгтэй нь тавьж, нэр хүндэд нь халдсан. Зөвхөн иргэн С-ийн нэр хүндээр хязгаарлахгүй гэр бүлийнхнийг нь хүртэл хүнд байдалд оруулсан. Ач, зээ нар нь хичээл, сургуульдаа очиход хэчнээн хүн буруу зөрүүгээр ойлгож, яаж цэрвээ бол. Энэ мэт жишээ олныг дурдаж болно.

Сошиалын нэг аймшиг нь эхний алдаатай жиргээг дараа нь яаж ч хурал хийж, үнэн бодитой мэдээллийг өгч, залруулахыг оролдлоо ч эхнийхээрээ л хамгийн хүчтэй тусдаг. Гэвч тэд буруу мэдээлэл өгч, хүний нэр хүндэд халдаж, улс үндэстний аюулгүй байдалд аймшиггүйгээр заналхийлж байсан ч буруугаа хүлээн зөшөөрөх ёс зүй байдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Тэдний энэ ёс зүйгүй үйлдэл, авирыг хянадаг, цензурддаг газар байдаг ч үгүй бололтой. Одоо цэгцлэх цаг нь болж, хянадаг газартай болох цаг нь ирж. Ингэж хуультай, дүрэмтэй болгохгүй бол үнэнээсээ худал нь давамгайлсан “жиргээ” нийгмийг хорт утааны нэгэн адил хордуулж, аюулгүй байдалд заналхийлж эхэллээ.

Улс үндэстний аюулгүй байдлын дархлааг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг биш иргэн бүрийн ухамсраас шалтгаалах болсон нь сошиалд өрнөж буй “дайн”-аас ч тодрох.

Монголчууд дотооддоо эвдрэлцээд хөгжиж, хүчирхэгжсэн нь үгүй. Харин ч эсрэгээрээ бусдын идэш болж, эзлэгдэж ирсэн. Одоо сэрэх цаг болж. Өнөөдөр улс үндэстнийг дотор нь хагаралдуулах шиг амархан ажил алга. Мэдээллийн их дайнаар улс үндэстнийг дотор нь яаж ч хагаралдуулж, хүчгүйдүүлж, таслан бутаргаж болохоор эмзэг байна.

Ёс зүйтэй байгаач гэж хүсье.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ