2016-12-28 04:43

Ерөнхийлөгч нарын илгээсэн мэндийн хадаг

Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон дөрвөн Ерөнхийлөгч ард түмэндээ хандан, шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Төрийн ордноос төрийн тэргүүнүүдийн илгээсэн мэндийн хадаг, тэдний уулзалт цаг үеэ олжээ.

Энэ уулзалт, тэдний хэлсэн үг жирийн тохиол биш байх. Нийгмийн бүх салбарт, бүх шатандаа талцан маргадаг болсон бидний мэдэмхийрэл, талцал хэтэрснийг төрийн нүд, чих болсон тэд анзаарсан нь мэдээж. Үе үеийн төрийн тэргүүнүүд эв эеийг эрхэмлэх нь монгол хүн бүрийн хувьд амин чухал болсныг өөрсдөөсөө эхлэн үлгэрлэв. Энэ нь нэг утгаараа төрөөс ард түмэндээ өгч буй хүндлэл юм. Төрийн тэргүүнүүдийн илгээсэн мэндчилгээг та бүхэнд уламжилъя

Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат:

-Шинэ жил дөхөж байна. Шинэ жил, шинэ өдөр гэдэг бол хүний амьдралд дандаа аз жаргал, хүсэл, тэмүүлэл, ирээдүйг бэлгэддэг сайхан тохиолдол. Энэ шинэ жилээр ард түмэн маань азтай, жаргалтай, санаж, хүсч мөрөөдөж явдаг хүсэл, тэмүүлэл нь ёсчлон хэрэгжсэн сайхан жил болох болтугай. Шинэ ондоо шинэ тэмүүлэлтэй сайн сайхан байхын ерөөлийг өргөе.

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди:

-Шинэ жилийн босгон дээр Ерөнхийлөгчийн албан өргөөнд үе үеийн Ерөнхийлөгч нар уулзах ийм завшаан тохиолоо. Монголын ард түмэндээ шинэ гарч байгаа оны мэнд дэвшүүлж,  аз хийморь,  аз жаргалаар бялхаж байхын ерөөл дэвшүүлье. Шинэ гарч байгаа онд монголчуудын амьдрал дээшээ өгссөн, ашиг орлого нь нэмэгдсэн, эрүүл энх, аз хийморьтой он гараасай гэж хүсч байна. Монголын ард түмэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Энэ сайхан завшааныг ашиглаад энд байгаа үе үеийн Ерөнхийлөгч нартаа, мөн нийт ард түмэндээ шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бид эвтэй байж хүчтэй байдаг тийм сайхан сургаалийг олон зууны турш авчирсан ард түмэн. Тиймээс эв эеийг хичээгээрэй гэж та бүхнээсээ хүсэх байна. Хүн болгон шинэ он гарч байгаатай холбогдуулж алдаа дутагдал, муу муухай маань хуучин онтой яваад өгөөсэй, сайн сайхан зүйл шинэ онтой хамт угтан ирээсэй гэж хүсч байгаа. Хүн бүрийн сэтгэлд тэр сайхан сэтгэл байгаа. Та бүхний сайхан сэтгэл болгон сэтгэлчлэн бүтэх болтугай гэж хүсэн ерөөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Урилгыг хүлээж аваад, хүрэлцэн ирсэн явдалд туйлын их баярлалаа. Шинэ оны босгон дээр уулзаж байна. Тэгэхээр шинэ ондоо ард түмэн маань аз хийморьтой, золбоотой, ажил үйлс нь өрнөн дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Ард иргэддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголчууд хамтдаа зүтгэж, Монгол Улсаа хөгжил дэвшилд хүргэхийн төлөө хамтран зүтгэцгээе. Шинэ он Монголын ард түмэнд хамгийн сайн сайхныг авчирах болтугай. Шинэ онд хүн бүхэн бие биедээ хамгийн сайхан ерөөл хэлдэг. Тэр ерөөл бүхэн биелсэн тийм сайхан он байгаасай гэж хүсч байна.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ