2016-12-28 05:09

Утааг л бүү улс төржүүлээрэй

-Утааг арилгахын төлөө жагсахыг хүүхдүүд, тэдний эрүүл мэнд биднээс шаардаж байна. Ханиад, хатгалгаа гэх энгийн мэт санагддаг өвчнөөр хорвоогоос халин одсон багачуудын биелээгүй хүсэл мөрөөдлийн нэг нь утаагүй Улаанбаатар байсан байж таарна. Тэгэхээр утааг арилгахын төлөөх жагсаалын захиалагч нь хүүхдүүд юм-

Монголд талцдаггүй, улстөрждөггүй сэдэв үгүй болжээ. Нэгийн хийснийг нөгөө нь үгүйсгэж, харлуулахдаа мэргэн, ямар ч асуудлыг улс төрт, улстөрчидтэй холбохдоо гаргуун. Тэглээ гээд талцал  хуваагдал хэнд ч хожоо авчирдаггүй. Тиймээс Монголын хувьд  бодит аюул болчихоод байгаа, Улаанбаатарын эмгэнэл болсон утааг л бүү улстөржүүлээрэй гэж гуйя. Улстөртэй хутгаж хаялаа гээд иргэд өөрсдөө л хохирно. Асуудал нь тэр чигээрээ үлдэж, Алтантэвшийн хөндий аюулын хөндий болон хоцрох учраас улстөржилт гэх тамын тогооны үлгэрээс утааны асуудлыг ангид үлдээе.

Утааны эсрэг ээж, аавуудын холбооны санаачлагаар уржигдар /2016.12.26/ нийслэлийн төв талбайд эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулсан. Хэд хоногийн өмнөөс зар түгээсэн хэдий ч идэр есийн хүйтэн, -27-28 градуст жагсаалд оролцох ээж аавын тоо тийм ч олон байсангүй. Багцаагаар 300-400 орчим хүн биечлэн оролцжээ. Гэхдээ эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж байгаагаа  илэрхийлэн гарын үсэг зурсан хүний тоо 4-5 мянгаар тоологдож байна. Дээр нь онлайн санал хураалтын дүнг нэмбэл чамлахааргүй үзүүлэлт гарна. Жагсаалыг хоёр гараа өргөн дэмжиж байсан нэгэн “Наад жагсаалыг чинь Женко санхүүжүүлж байгаа гэнэ. Намайг хүмүүс буруугаар ойлгочихно. Тиймээс очсонгүй” хэмээн сошиалд жиргэсэн байх юм. Чухам ийм л үзлээр жагсаал руу алхаж байгаад буцсан нь цөөнгүй. Улстөржилт гэх эзэн биегүй эрлэгээс хүмүүс залхжээ. Нийгмийн сайн сайхны төлөө гэж дуугарсан болгоныг улстөрчдийн гар хөл хэмээн хардах нь тун чиг халгаатай. Чухам тиймээс утааг эсэргүүцсэн жагсаалд зарцуулсан хөрөнгө хийгээд санхүүжилтийн талаар жагсаал зохион байгуулагчдын нэг Ц.Пүрэвхүүгээс тодрууллаа.

-Үнэндээ жагсаал зохион байгуулахад сая төгрөг л зарцуулсан. Тэрхүү мөнгийг Монголын эмэгтэйчүүдийн сангаас санхүүжүүлсэн. Лед дэлгэц болон цахилгааны зардалд ихэнх мөнгөө өгсөн. Анонс, плакатуудыг хулдаасан хэвлэлийн компани биднийг дэмжиж үнэгүй хэвлэж өгсөн. Хүмүүс биднийг хэнээс мөнгө авав, цаана нь хэн байна гэж хардаж байгаа бол гунигтай л санагдаж байна. Бид чинь яагаад үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө тэмцэхгүй ийм хүлцэнгүй болчихсон юм бэ. Гадны улс орны төр засаг нь гамшгийн үед ямар шуурхай ажилладагийг бид сайн мэднэ. Гэтэл манай төр засаг дэндүү удаан байгаа нь бид асуудалд  хэтэрхий тайван хандаж байгаатай холбоотой гэлээ.

“За санхүүжилт нь нэг иймэрхүү юм байж, тэгвэл захиалагч нь хэн бэ” гэж та асуух гэж байна уу. Тэгвэл утааг арилгахын төлөө жагсахыг хүүхдүүд, тэдний эрүүл мэнд биднээс шаардаж байна. Ханиад, хатгалгаа гэх энгийн мэт санагддаг өвчнөөр хорвоогоос халин одсон багачуудын биелээгүй хүсэл мөрөөдлийн нэг нь утаагүй Улаанбаатар байсан байж таарна. Тэгэхээр утааг арилгахын төлөөх жагсаалын захиалагч нь хүүхдүүд юм.  

Та ч, би ч хүүхдээ эрүүл энх аж төрж, саруул ухаантай, сайхан сэтгэлтэй хүн болоосой гэж хүсдэг л биз дээ. Тэгээд яахаараа өөрсдөө мууг үлгэрлэх ёстой гэж. Бурууг бусад руу түлхэж, харааж хахирласнаараа юу хожсон билээ. Ядаж л утаанаас ангижрахын төлөө хамтдаа хүчээ нэгтгээд зүтгээд үзье. Дарга сайд нарыг чичлэхээсээ өмнө бодитой ажил хийх боломж олгоё. Утааг тэд үйлдвэрлээгүй, үйлдвэрлэж байгаа гээд гэрт аж төрж байгаа хүмүүс рүү, машин унасан руугаа муухай харах ч хэрэггүй. Гэрт өсөөгүй, амьдарч үзээгүй монгол хүн бараг үгүй. Өнөөдөр бүгд л машинтай болчихсон. Тийм болохоор үүссэн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж дүгнэн, утааг бууруулахын тулд Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудаас хүргүүлсэн шаардлагаа биелүүлэхийг шаардах л үлдээд байна.

ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГЭСЭН ШААРДЛАГА

  • Агаарын бохирдлоос болж айл өрхөд учирч буй алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж, энэ зардалд ирэх жилийн төсөвт хөрөнгө хуваарилах.

  • Агаарын бохирдол хэмжигч суурин станцыг Дархан-Уул, Орхон болон аймгийн төвүүдэд суурилуулж, нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх.

  • Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг 2017 оны нэгдүгээр сарын 15 гэхэд 25 хувиар бууруулах арга хэмжээ авах.

ХОТЫН ЗАХИРГААНД ХҮРГЭСЭН ШААРДЛАГА

  • Агаарын бохирдлын голомтод хордож буй жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг бохирдол багатай бүс рүү нүүлгэн шилжүүлэх.

  • Улаанбаатарын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулах.

  • Агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах мэдээллийн цогц арга хэмжээг явуулах.

  • Нийслэлд агаарын чанар хэмжигч 15 ширхэг суурин станц шинээр суурилуулах.

  • Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас хойш хотын утаанаас дайжиж сувилуулсан жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээж, аавуудад зардлын 50 хувийг нөхөн олгох.

Жагсагчид шаардлагын хариуг нийслэл, Засгийн газраас 2017 оны нэгдүгээр сарын 10-ны дотор хүлээн авахыг хүсчээ.  ШААРДЛАГА-аар дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Та өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг мэдэгдэж, онц байдал яаралтай зарлаж, арга хэмжээ авч өгнө үү" хэмээн хүсчээ.  

Харин тэрхүү хүсэлт, шаардлагын үр дүнг хамтдаа шаардаж, ганц асуудалд ч болов санаа нийлье, Улаанбаатарчууд аа.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 0

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ