2016-12-06 01:36

Элсэн цөлд ч хөгжлийг цогцлоож болдог ажээ

Улаанбаатар хотоос Туркийн Истанбулаар дамжин, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот хүртэл нэг хоногийг зарцуулсаны эцэст Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Шөнийн 01.00 цаг болсон ч Дубайд ирэх зочид олон, буцах зочид ч түүнээс ч дутахааргүй олон байлаа. Хил гаалиар нэвтрэхээр дэлхийн олон орны иргэд өөр өөрсдийн хэлээр шулганалдан дугаарлана.

Цав цагаан хувцастай араб эрчүүд хүн бүрийн гадаад паспортыг шалгана. Гадаадынхнаар хамаг ажлаа хийлгэдэг гэдэг ч хилийн шалган нэвтрүүлэх албаа арабчууд өөрсдөө “манаж” байна.

Дубайд хэдийнэ өвөл ирсэн ч цаг агаар нь 30-35 хэмийн дулаан заана. Зуны улирал ирэхэд халууны хэм 48 градус заадаг байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүл үеэс эхэлсэн өвөл ирэх хоёрдугаар сар шувтрахтай зэрэгцэн дуусах аж. Улаанбаатартай цагийн зөрүү дөрвөн цаг. Дубайд 01.00 цаг болсон бол Улаанбаатар хотод 05.00 цаг болж, үүр хаяарч байна гэж ойлгож болно.

Энд тэнгэр өөд дүүлэх уран барилгын аварга бүтээн байгуулалтыг элсэн дээр ч, далай дээр ч цогцлоож чаджээ. Дэлхийн хамгийн өндөр барилга болох 165 давхар “Бурж калиба” цамхаг, хиймэл арал дээр баригдсан далбаат завины хэлбэр бүхий долоон одтой “Бурж ал араб” зочид буудал, мөн далдуу модны загвартай “Атлантис” зочид буудал зэрэг хүний гараар бүтээгдсэн гайхамшигт бүтээлүүд ирсэн зочин бүрийн харааг булаана. Хийц маяг хэлбэр дүрс энэ бүхэн нь сүрлэг. Тухайлбал, “Бурж калифа” нь 828 метр өндөртэй, дэлхийн хамгийн хурдан цахилгаан шаттай байгууламж аж. Бүтээн байгуулалтын ажил 2004 оны есдүгээр сард эхэлж, 2010 онд ашиглалтад орж нээжээ. Тус барилгад нийт 24348 цонх байдаг ба нийт 120 000 м2 шилтэй тэнцэх юм байна. Эл бүтээн байгуулалт нь дэлхийн хамгийн өндөр бүтээн байгуулалт, дэлхийн хамгийн урт цахилгаан шаттай, дэлхийн хамгийн өндөрт байрлах шөнийн клубтэй, дэлхийн хамгийн өндөрт орших ресторан, усан сан гээд олон зүйлээр рекорд тогтоож байна. Энэ цамхгаас Дубай хотыг бүхэлд нь харж болно. Мөн энэхүү цамхагт орон сууцууд бий. Хятадын баячууд уг орон сууцанд амьдардаг гэх. Аман яриагаар сарын түрээс нь монгол төгрөгөөр 400 сая төгрөг рүү дөхөж очиж байна.

“Дубай молл” дэлгүүрийн дэргэд орших усан оргилуур маш олон хэлбэр дүрсээр гэрэл цацруулна. Секундэд агаарт 80 мянга гаруй литр ус цацах хүчин чадалтай. “Жумейра” нэртэй лалын шашны уран барилга ч хийц донжоо гайхуулна.

Ногоон байгууламжууд ч хараа булаана. Арабын нэгдсэн Эмират улсын хаан таван сая далдуу модыг тарьж ургуулах зарлиг гаргаснаар аварга бүтээн байгуулалттай зэрэгцэн ногоон байгууламж бий болжээ. Гадаргын ус багатай, элсэн цөлд мод тарьж ургуулна гэдэг бүтэшгүй хүчир ажил байсан ч арабчууд гадны ажиллах хүчнээр хийлгэж чадсан байна.

Өөрөөр хэлбэл, энэ мэт асар олон бүтээн байгуулалт нь эргээд элсэн цөл байсан Дубайг 2,1 сая хүн амтай, жилд дунджаар 8-10 сая зочид, жуулчдыг хүлээн авдаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн космополитик хот болгон хөгжүүлжээ.

Жуулчид орчин үеийн сүрлэг бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ арабчуудын бахархал болсон цөлийн аялалд явах боломжтой. Энэ үеэр нэг бөхтэй тэмээ унана. Жип машинд суун элсэн цөлөөр давхина. Манайхны нийслэлдээ унаж давхиад байдаг жипүүдийн хурд, хүчийг элсэн цөлд л жинхэнэ утгаар нь шалгаж байна. Мөн элсэн цөлд явах тусгай зориулалтын мотоциклиор ч аялж болно. 25 минут мотоциклиор давхиад ирэхэд төлбөр нь 30 мянга гаруй төгрөгтэй тэнцэнэ. Монголын говьд нутагшуулж, мөнгө босгож болмоор аялал энэ санагдсан.

Дубай дэлхийн аялал жуулчлалын гол цөм болж хөгжсөнөөр одоо арабчууд байгалийн баялгаас хамааралгүй болж чаджээ.

Тэд “Бид байгалийн баялаггүй болсон ч байнгын мөнгөний эх үүсвэртэй болсон. Тэр бол аялал жуулчлал” гэж ам бардам хэлж байна.

Дубайд цаашид юу бүтээх вэ? Дубай хотын дараагийн том зорилт нь 2020 он гэхэд хамгийн тогтвортой хөгжилд хүрэх бодлого юм. Хүн амаа хамгийн чанартай амьдралаар хангаж, байгальд хор хөнөөл бага учруулах хөгжлийн замыг сонгох зорилт тавиад байна.

Удахгүй “Цөлийн сарнай” төсөл хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт зардал нь 20 тэрбүм дирхам(Арабын нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт)-тай тэнцэж байна.

ХАМГИЙН ХУРДАЦТАЙ ХӨГЖСӨНИЙ НУУЦ ЮУ ВЭ?

Их Британын колончлолд олон жилийг үдэж, 1971 оны арванхоёрдугаар сарын -2-нд бие даасан долоон вант улс нэгдсэнээр өнөөдрийн Эмират улсыг байгуулжээ. Үүнд Абу Даби, Ажман, Дубай, Шаржа, Эм Ал Кувейн, Рас Ал Хайма, Фужайра нар багтаж байна. Саяхан Арабын нэгдсэн Эмират улс байгуулагдсан, тусгаар тогтнолоо зарласан 45 жилийн ой нь тохиолоо.

Элсэн цөлд ямаа хариулан, загас агнуур эрхэлж, сувд олборлон амин зуулгаа залгуулах төдий байсан энэ улсыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн хамгийн том баялаг нь газрын тос аж. Абу Даби хотоос 1962 онд хар алт олгойдсоноор анх удаа булангийн орнуудаас газрын тос экспортолж, хөрөнгө босгож эхэлжээ. Олсон орлогоо ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, бүтээн байгуулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тууштай зарцуулснаар Арабын ертөнцөд Саудын Арабын дараагаар буюу хоёрт бичигдэх хөгжилтэй орон болсон аж. Ийм хөгжилд хүрэхэд Абу Дабигийн удирдагч, Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч асан Шейх Заида бен Султан Аль Нахайяна асар том үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Оксфордын их сургууль төгссөн тэрбээр улс орноо хөгжүүлэх бодлоготой зэрэгцүүлэн хүнээ хөгжүүлэх томоохон бодлого дэвшүүлж, хэрэгжүүлжээ. Үр дүнд нь арабчууд хөрөнгө мөнгө татахгүй барууны өндөр хөгжилтэй орнуудад хүүхдээ сургаж, боловсрол эзэмшүүлсэн байна.

Одоо ч энэ орны хамгийн үнэтэй капитал нь араб иргэд. Хүн ам нь 10 саяд хүрсэн ч араб иргэд нэг сая гаруй аж. Харин 35 хувь нь энэтхэг, 17 хувь нь пакистан, 12 хувь нь бангледеш зэрэг орны иргэдээс бүрддэг байна.

Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ араб иргэн бүрт үнэгүй, улсаасаа тэтгэмж авна.  Ажил хийхгүй байсан ч тэтгэмж хүртдэг. Тэд хар ажил хийхгүй.

Зам, барилгын салбарын хамгийн хүнд хүчир ажлыг Энэтхэг, Пакистан зэрэг орны иргэд голлон хийнэ. Зуны улиралд асар халуун байдаг тул халуун орны иргэд л дасан зохицож ажиллаж, амьдарч чаддаг бололтой. Гэхдээ тэдний хөдөлмөрийн хөлс асар бага, сард 200-300 ам.долларын цалин авдаг байна. Мөн гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчын ажлыг филиппинчүүд хийдэг. Үүний зэрэгцээ үйлчилгээний салбарт өнгөт арьстануудаас гадна дээрх орны иргэд ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулж, арабчуудын ачаанаас үүрэлцэж байна.

Харин жуулчдад хөтөч хийдэг энэтхэг, пакистануудын хувьд сарын цалин нь 500 орчим ам.доллар. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалт энэ улсад орж ирэх бол заавал араб иргэнтэй хамтарсан байх ёстой. Бизнес нь ашигтай байвал зүгээр сууж байгаад л хувь хишиг хүртэж суудаг аж.

Гэхдээ боловсрол нимгэн зарим араб иргэдийн амьдрал сайнгүй байх тохиолдол ч бий гэнэ.

Хуулиараа араб эр дөрөв хүртэл тооны эхнэр авах эрхтэй. Хамгийн гол нь эхнэр авах бүрийдээ хөрөнгийн баталгаагаа шалгуулдаг. Хэрэв энэ шалгалтад бүдэрвэл нэмж эхнэр авах боломжгүй. Эхнэр бүртээ тэгш хандах зарчим үйлчилнэ.

Араб эхнэр гэрээсээ гарах бүрийд хар хувцас өмсөж, нүүрэндээ гивлүүр зүүнэ. Нөхрөөс нь өөр хүн эхнэрийг нь гивлүүргүйгээр харах боломжгүй. Араб бүсгүйчүүдийн гангараа нь цүнх гэж хэлж болно. Hermes, LV, Prada, Chanel зэрэг дэлхийн тэргүүлэх брэндүүдийн бүтээгдэхүүнээр илүүтэй гангарна.

УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

Эмират улс нь гадаргын ус асар багатай тул ус чандмань эрдэнэ юм. Далайн усыг сайтар боловсруулж дахин цэвэршүүлэн ахуйдаа хэрэглэдэг бол саарал усыг дахин цэвэршүүлээд үйлдвэрлэл, мөн зүлэг ногоо услахад өргөнөөр ашигладаг болжээ. Борооны усыг ч мөн ашигладаг.

Усыг зөв зохистой ашиглах боловсролыг ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байх үеэс зааж сургадаг байна. 

Аливаа төсөл бүрийг хэрэгжүүлэхдээ ус, эрчим хүч, түүхий эдийг хэмнэсэн байхаас гадна агаарын бохирдол, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулахад чиглэсэн байх бодлого дэвшүүлэн, ажиллаж байна. Тухайлбал, тус улс одоо нийт эрчим хүчнийхээ 10 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг аж. Энэ хэрэглээг жил ирэх тусам нэмэгдүүлснээр хүлэмжийн хийн хэрэглээг багасгаж, 2030 он хүртэл тус улс жилд 1.9 тэрбүм ам.долларын хэмнэлт хийх тооцоо гаргажээ. Ингэснээр байгаль орчин болон эрүүл мэндийн салбарт жилдээ 1-3,7 тэрбүм ам. долларын хэмнэлт хийх боломжтой болно гэж тооцож байна.


Хэрэв таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарна уу

Нийт сэтгэгдэл: 1

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Солих
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд Goodnews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. Зочин | 2016-12-06 04:19:00
    okay
ШИНЭ МЭДЭЭ
ОДДЫН АМЬДРАЛ